Saturday, April 9, 2011

Монгол бичгийн сургалтанд мэдээллийн технологи ашиглах нь

Монгол бичиг бол хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд Монголын ард түмний соёлын өв болсон монгол бичгийг хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж, төгс төгөлдөр болгох нь хүн төрөлхтний өмнө монголчуудын хүлээсэн үүрэг билээ.
Хүн төрөлхтний соёлын санд монголын ард түмний оруулсан үнэт хувь нэмэр төдийгүй дэлхийн утга, соёлын нандин өв болсон монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх нь зүй ёсны хэрэг тул Монгол Улсын Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Уг хөтөлбөрт дурдсанаар “Монгол Улсын иргэн бүрт монгол бичгийг сурч, эзэмших боломж нээлттэй байх;”(2.1)
“Төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн үүсгэл санаачилгаар зохион байгуулах монгол бичиг сурах, сурталчлахад чиглэсэн санал, санаачилгыг дэмжих”(4.2.9.) гэсэн хоёр заалт нь Монгол бичгийг сурах, сургах аливаа санал санаачилгыг дэмжихээр тусгагдсан.
Олон мянган иргэдийн үнэ төлбөргүй сурах, мэдлэгээ дээшлүүлэх өргөө болсон номын сангаар дамжуулан Монгол бичгийг олон мянган иргэдэд түгээн дэлгэрүүлэх бодит хэрэгцээ байна.
Номын санд Монгол бичгээр бичигдсэн ном, материалын баялаг нөөц хадгалагдаж байдаг.Номын сан нь нийгмийн бүх гишүүдийг хамарсан хүрээнд үнэ төлбөргүйгээр мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг тул Монгол бичгийг бүх нийтэд түгээх боломж бүхий газар юм.
Монгол бичгээр бичигдсэн тэрхүү баялаг мэдээллийг судлах, түгээн дэлгэрүүлэхийн тулд номын санч мэдээллийн ажилтнууд үндэсний бичгээ орчин үеийн техник технологитой хослуулан гаргууд сайн эзэмшсэн байх учиртай нь уг төслийг хэрэгжүүлэх үндсэн шалтгаан болж байна.